Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум “Томоохон хотуудын авто замын түгжрэлийг бууруулж, хүн амын төвлөрлийг сааруулах тогтвортой хөгжлийн стратеги: Шийдлүүд ба түүнийг санхүүжүүлэх боломжууд” сэдвийн дор 2022 оны 12 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын санаачилгаар 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан тус форум нь сайн туршлага, шилдэг техник, технологийн ололтыг харилцан солилцох замаар хотуудын өмнө тулгамдаж байгаа нийтлэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны олон талт механизм болон хөгжих зорилготой билээ.

Тус Форумд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын таван орны 22 хотын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүдээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгчид цахим болон танхимын хэлбэрээр оролцлоо.